Сургалтыг удирдах багш А.Оюунгэрэл хариулж байна
А.Оюунгэрэл нь сэтгүүл зүйн багш бөгөөд Миссурийн их сургуулийн магистр юм. Тэрээр сэтгүүл зүйн болон эссэ бичлэгийн онлайн сургалтыг нэлээд хэдэн жил удирдан явуулж ирсэн туршлагатай. Өмнө нь “Утга зохиол, урлаг”, “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, нарийн бичгийн даргаар, Хэвлэлийн Хүрээлэнд багш, сургалтын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд одоо “Сэтгүүлч” коллежид зөвлөх багшаар ажиллаж, сэтгүүл зүйн хичээлийг онлайнаар зааж байгаа. Түүний http://www.mongolianjournalism.blogspot.com блог руу орж үзээрэй.
-Яагаад хэвлэл, мэдээллийн чиглэлийн энэ сургалтуудыг зөвхөн мэргэжлийн хүмүүст биш олон нийтэд заах хэрэгтэй юм бэ?
-Нийгмийн хэд хэдэн шаардлагын үүднээс олон түмнийг хэвлэл, мэдээллийн чиглэлээр сургах хэрэгтэй болоод байгаагаас заримыг нь тодруулж дурдъя. Нэгд, Монголын хэвлэл мэдээлэл түмэн бартааг туулан чөлөөт хэвлэлийн тогтолцоонд шилжиж орсноосоо хойш мэргэжлийн стандартаа одоо болтол тогтоож чадахгүй байна. Энэхүү мэргэжлийн стандартыг тогтооход уншигч, үзэгч, сонсогчдын зүгээс тавих шаардлага чухал үүрэгтэй. Сэтгүүл зүйн тухай өргөн ойлголт, мэдлэгтэй хэрэглэгчид хэвлэл мэдээллийг, улмаар ардчиллыг хөгжүүлэхэд маш сайн түлхэц үзүүлнэ. Чөлөөт нийгэмд хүн бүр хэвлэл мэдээлэлтэй харьцдаг учраас олонхи орны их дээд сургуулийн бараг бүх ангид Journalism 101 буюу сэтгүүл зүйн үндсэн ойлголт гэдэг хичээл үздэг юм. Хоёрт, Media Literacy буюу хэвлэл мэдээллийн бичиг үсэгт тайлагдах сургалт манай албан ёсны сургалтын хөтөлбөрт огт байхгүй тул хүчтэй хэрэглэгчид бий болох үндэс нь тавигдахгүй байна. Ийм сургалт нь баримт ба үзэл бодлыг ялгаж сурахаас эхлээд мэдээллийн технологийг хэрхэн хэрэглэх, хүлээж авсан мэдээллийг хэрхэн тайлж задалж унших талаар өргөн ойлголтыг өгөхөд чиглэдэг. Гуравт, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын чадвар мэдлэг үнэхээр дутаад байна уу, эсвэл мэдсээр байж зориуд буруу хийгээд байна уу гэдгийг ялгаж салгахын тулд хэрэглэгчид тухайн салбарын талаарх ойлголтыг бүрэн авах ёстой юм. Тэгж байж хэвлэл мэдээллийн удирдах хүмүүс, улс төрчдөд зохих шаардлагыг тавьж нийгмийн хэмжээний өөрчлөлтийг хийх болно. Дөрөвт, хүмүүс хэвлэл мэдээлэлгүйгээр, хэвлэл мэдээлэл хүмүүсгүйгээр амьдрах боломжгүй болсон үе нэгэнт ирчихээд байна. Наад зах нь эцэг эхчүүд хүүхдүүддээ юу үзүүлэхийг сонгож чаддаг болох, үг ба дүрсийн илгээлтүүдийг хүүхдэд тайлбарлаж өгч чаддаг болох, тэднийг хэвлэл мэдээллийн хүчирхийллээс хамгаалахад суралцах хэрэгтэй болоод байна л даа.
-Бусад сургалтад нь зөвхөн мэргэжлийн хүмүүс хамрагдана гэсэн үг үү?
-Үгүй л дээ. Хэн хүссэн хүмүүс хамрагдаж болно. Гэхдээ л сэтгүүл зүйн үндсэн ойлголттой хүмүүс байвал зүгээр. Мэргэшсэн сэтгүүлч, удирдах ажилтан, зарын менежер, сэтгүүл зүйн багш нар, олон нийттэй харилцах албаныханд зориулсан эдгээр сургалтуудад хэвлэл мэдээллийн байгууллагат ажилладаггүй ч энэ чиглэлийг сонирхдог хүмүүс хамрагдаж болно. Ялангуяа сүүлийн үед мэдээллийн вэб сайт, блог үүсгэгчид олширлоо. Тэдэнд сэтгүүл зүйн сургалт тун хэрэгтэй. Уг нь төгсгөж гаргасан оюутнуудынхаа хүсэлтээр энэ сургалтуудыг онлайнаар хийх санаа төрсөн юм. Тэд маань хэвлэл, мэдээллийн янз бүрийн байгууллагад, янз бүрийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд давтан сургалтад хамрагдах цаг хугацаа, боломж тун хомс байсаар иржээ. Энэ онлайн сургалтууд нь шаардлагатай сургалтаа өөрийн цагийн хуваарьт тохируулан сонгож авах боломж олгох юм.
-Онлайн сургалтад оролцогчийн гол анхаарах зүйл юу вэ?
-Онлайн сургалт нь зайны сургалт учраас танхимд хийдэг сургалтаас илүү бие даасан, сахилга баттай байдлыг оролцогчдоос шаарддаг. Багштайгаа тохирсон цагтаа холбогдох, даалгавраа цагт нь илгээх зэрэг нь харилцан итгэсэн харилцааг үүсгэж сургалтыг амжилттай явуулах үндэс болно. Уламжлалт сургалтад сургуулиас хуваарилсан бэлэн танхимд багш, суралцагч хоёр уулздаг бол онлайн сургалтын үед хоёр талдаа сургалт явуулах газар, техник хэрэгслээ өөрсдөө дор бүрнээ шалгаж бэлтгэх шаардлагатай.
-Сургалтад техникийн ямар шаардлага тавигдах вэ?
- Оюутан болон багш нар кабель буюу Ди Эс Эль-ээр Интернэттэй холбогдсон компьютер ашиглах боломжтой байх ёстой. Түүнчлэн найдвартай и-мэйл хаягаа Yahoo Messenger, Google Talk-ийн аль нэгэнд бүртгүүлсэн байх шаардлагатай. Учир нь хэлэлцүүлгийн хичээлийг дээрх хоёр программаар голлон явуулна. Зарим боломжтой хүнтэй Skype программаар ярилцаж болно. Аль программыг сонгож хичээлдээ хэрэглэхийг багш, суралцагч хоорондоо ярилцаж шийднэ. Практикаас харахад Yahoo Messenger Монголын хувьд ашиглахад илүү тохиромжтой байсан. Элдэв саатал гарч холбоо тасрах нь ховор бөгөөд бичгээр харилцсаны дараа хичээлийн тэмдэглэлийг хадгалаад үлдээж болж байсан. Суралцагч хүсвэл видео хичээл зохион байгуулж болно. Хэрэв бичих дасгалын хичээлд монгол фонт ашиглах хэрэгцээ гарвал Windows Cirillic–ийг ашиглах болно.
-Сургалтын хугацааны талаар тодруулж өгнө үү?
-Эдгээр сургалт нь тухайн хүний хэрэгцээ шаардлагад тохирсон сургалт болохоор уг хүний юу заалгахыг хүсэж байгаагаас болон хичээлд зориулж гаргаж чадах цагаас хамаарч сургалтын нийт хугацаа гарна л даа. Өдөр тутам хоёр цагаар багштай холбогдож чадах хүнд бол хоёр долоо хоногийн дотор багтах эрчимтэй сургалт л байх болно. Сургалтаа эхлээд явж байтал суралцагчид гачигдал гараад ч юм уу, гэнэтийн томилолтоор ийш тийш яваад сургалт тасарч хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэх болбол тухай сургалтын нийт хугацаа уртсаад явчихна шүү дээ. Тэгэхээр сургалтын хугацаа нь суралцагчийн хүсэл, ажил амьдралаа хэрхэн зохицуулахаас хамаарна. Хүсвэл долоо хоног бүрийн тогтмол нэг гаригт ч сургалтыг товлож болно. Тэгвэл жаахан сунжрах л байх. Гэхдээ аль болох цагийнхаа боломжийг харж төлөвлөөрэй гэж зөвлөх байна.
- Хичээлийн үеэр сургалтын ямар аргыг хэрэглэх вэ?
- Надаар урьд өмнө нь заалгаж байсан эсвэл Хэвлэлийн Хүрээлэн, “Сэтгүүлч” коллежид суралцаж байсан хүмүүс заах аргыг маань сайн мэднэ л дээ. Лекцийг богино хугацаанд өгч дундуур нь хэлэлцүүлэг, дасгал, тоглоомын аргуудыг ээлжлэн оруулж дахин богино лекц өгөх замаар хичээлээ заадаг. Хичээл бүрт аль болох шинэ жишээ, шинэ санаа оруулахыг хичээдэг. Түүнчлэн суралцагчтайгаа аль болох ярилцан, санаа бодлыг нь сонсох, асуудлыг хэлэлцэхийг зорьдог. Хэрэв суралцагч маань сэтгүүл зүйн төрлөөр бичиж сурахыг хүсэж байвал мэдээж бичих дасгал нэлээд хийлгэж таарна. Ер нь аль ч сэдвийн хичээлд уншиж хэлэлцэх даалгавар багагүй өгөгдөнө. Жинхэнэ амьд сургалт явуулах үүднээс мессенжерийг ашиглахыг эрмэлздэг.
- Сургалтын төлбөрийг хэрхэн хийх вэ?
- Төлбөрийг хэд хэдэн аргаар хийж болно. Онлайнаар хийх нь хамгийн шуурхай, найдвартай арга юм. Төлбөрийн Visa болон Master Card-ыг ашиглан энэхүү вэбсайтаар дамжуулан онлайнаар төлбөрийг төлчихнө гэсэн үг. Танд төлбөрийг хүлээж авсан хариу шууд очно. Хэрэв та төлбөрийн карт байхгүй бол чек (personal check) буюу мөнгөний шилжүүлгийг (money order) AmeriMon P.O.Box 4835 Federal Way, WA 98063 гэсэн хаягаар ирүүлж болно. Харин та Монголд байгаа бол Зоос банкны 2400244813 тоот америк долларын дансанд төлбөрийн мөнгийг тушаагаарай. Гүйлгээний утга гэдэг дээр өөрийн болон сургалтын нэрийг бичихээ мартуузай. Тухайн өдрийн ханшаар сургалтын төлбөрийг тооцоод уг дансанд төгрөгөөр хийж болно. Төлбөрөө хиймэгц amerimon2008@yahoo.com и-мэйл хаягаар мэдэгдээрэй. Тэгэхээр танд би сургалтын өргөдлийг илгээнэ. Монголчуудынхаа бэл бэнчинг харгалзан сургалтын үнийг бэлгэ тэмдгийн чанартайгаар маш хямд тогтоосон болно.