Онлайн сургалтыг амжилттай дүүргэх зөвлөгөө
Онлайн сургалт нь зайны сургалтын тун эрчимтэй хөгжиж байгаа нэг хэлбэр юм. Хэрэв та уламжлалт сургалтад хамрагдаж байгаа бол бусад оюутнуудтай эгнэж суугаад самбар дээр санаагаа бичиж буй багшийнхаа гарыг дагуулан харж, хэлсэн ярьсныг нь анхааралтай сонсож, асуулт гарвал гараа өргөж, даалгавраа багшийн ширээн дээр тавиад гардаг шүү дээ. Онлайн сургалт үүнээс нэлээд өөрөөр зохион байгуулагдах бөгөөд оролцогчоос нэлээд идэвх санаачилгыг шаардана. Багш болон суралцагчийн харилцаа компьютерийн тусламжтайгаар явагдана. Иймээс дараах зөвлөгөөг уншаарай.
- Юуны өмнө компьютер ашиглах найдвартай газрыг сонгож ав. Албан тасалгаа, номын сан, гэр орны чинь алинд ч байлаа гэсэн Интернэт сүлжээнд найдвартай холбогдсон, сургалтын үед танаас өөр хэн ч ашиглахгүй зөвхөн танд зориулагдан чөлөөтэй байх тийм компьютер л сургалтын үед таны гол түнш болно.
- Хэдийгээр та танхимд сууж багштайгаа нүүр тулахгүй, алсын зайнаас харилцах ч аль болох ойр холбоотой бай. Ангид хичээл зааж буй багшаас сонирхсон зүйлээ асуух цаг гарахгүй ч юм уу, зориг дутаад эргэлзсэнээ лавлахгүй өнгөрөх үе байдаг бөгөөд харин онлайн сургалтын үед та дуртай цагтаа цахим шуудан ашиглаад айж эмээлгүй асууж болно. Багшаас аль болох их зүйл асууж лавласан хүн илүү ихийг мэдэж авна.
- Даалгавраа ямагт цагт нь илгээж бай. Үгүй ээ, ингэж хэлэх нь буруу юм байна. Цагаасаа арай эрт илгээхийг хичээ. Сүлжээ тасрах ч юм уу таны компьютер гацсанаас өөр газраас илгээх шаардлага гарч магадгүй гэж тооцоолоод эцсийн хугацаанаасаа өмнө явуулах нь дээр.
- Цахим шуудангаар ирсэн захиа, илгээлт бүрт хариу өг. Багшийнхаа болон хамт суралцагчийнхаа сургалттай холбоотой бүхий л и-мэйлд нэг үгээр ч хамаагүй шуурхай хариу өгч бай. Энэ нь сургалтыг эрчимтэй явуулахад тун тустай.
- Багш буюу хамт суралцагчдадаа и-мэйл явуулах бүртээ өөртөө давхар илгээж бай. Ингэснээрээ тухайн и-мэйл илгээгдсэн гэсэн баталгаа танд шууд ирнэ. Түүнчлэн хэн нэг нь хүлээж аваагүй маргаан гарсан тохиолдолд дахин давтаж бичилгүйгээр өөртөө ирснийг дахин илгээчихэж болдог.
- Хэрэв сургалтын үед техникийн саатал гарч холбоо гэнэт тасарвал сандарсны хэрэггүй. Ийм үед хэрхэн ажиллах талаар сургалтаас өмнө багштайгаа харилцан ярьж тохиролцсон байх болно. Сургалтын журамтай танилц. Саатал зогсмогц багштайгаа дахин холбогдож хичээлээ хэрхэн нөхөх талаар тохиролц.
- Онлайн хэлэлцүүлгийн үед асуулт болон санаагаа компьютер дээрээ аль болох хурдан, оновчтой бичиж илгээж байх нь чухал.